Мэдээ мэдээлэл

Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр 10 Монгол оюутан Францад суралцана

Blog Single

“Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2015-2018 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр”, “Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Румын Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр”, “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, түүнд гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Итали улстай энэхүү хөтөлбөрийг байгуулснаар хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж, бүх салбарт багш, судлаач, мэргэжилтнүүдийн солилцоог хэрэгжүүлнэ. Эрдэм шинжилгээний хамтарсан төслүүд хэрэгжүүлж, кино урлаг, номын сан, соёлын өвийг хадгалах чиглэлээр хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

Франц Улсад 1996 оноос хойш 140 гаруй монгол оюутан боловсрол эзэмшиж, 40 гаруй хүн мэргэжлийн тодорхой чиглэлээр туршлага судалж, богино хугацааны сургалтад хамрагджээ. 2014 оны байдлаар 100 гаруй Монгол оюутан суралцаж байгаагийн 10 нь Францын Засгийн газрын тэтгэлэг хүртсэн байна.

Шинжлэх ухааны салбарт Монгол, Францын археологийн экспедици 1993 онд байгуулагдсан бөгөөд хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хүннүгийн эзэнт гүрэн буюу “Тал нутгийн анхны эзэнт гүрэн” археологийн ажлыг эхлүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд Монголын түүхийн бүх үеийг хамарсан археологийн өргөн хүрээтэй хайгуул, малтлага, судалгааг 55 дурсгалт газарт хийж, 200 гаруй олдворыг Францын тал 200,000 еврогоор сэргээн засварлаж, Монголын талд хүлээлгэн өгчээ. Соёл, урлагийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын дэлгэцийн сор бүтээл болох “Цогт тайж” киноны эх хувийг Франц Улсад сэргээн засварлаж, 2015 онд хүлээлгэн өгсөн байна.

Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулах боломжтой болж, хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгийн хүрээнд 10 Монгол оюутныг Францад сургах тохиролцоо хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх