Мэдээ мэдээлэл

Дэлхийд өрсөлдөх Монгол ур чадвар

Blog Single

Манай улсын хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлттэй ажлын байрны 40 орчим хувийг мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилго бүхий сургалт үйлдвэрлэлийн төв, коллежийн мэргэжил эзэлж байна.

Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн төгсөгчдийн 70 гаруй хувь нь төгсөөд шууд ажлын байртай болдог байна.

Монгол улс дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын 69 дэх гишүүн 2014 онд элссэн. Үүнтэй холбогдуулан “Монгол ур чадвар” тэмцээнийг 50 гаруй МСҮТ Коллежийн суралцагчдын дунд 9 мэргэжлээр хоёр үе шаттайгаар зохион байгуулж, тэргүүн байр эзэлсэн хүүхдүүдийг 2015 онд Бразилд болсон “Дэлхийн ур чадвар” 2015 тэмцээнд оролцуулсан.

Энэхүү тэмцээнд Техник Технологийн Дээд сургуулийн 3 суралцагч гагнуур, мужаан, тогоочийн мэргэжлээр эх орноо төлөөлөн оролцож байсан ба мужааны мэргэжлийн оролцогч Д.Нармандах үндэсний шилдэгээр шалгарч байсан.

Дэлхийн ур чадварын 44 дэх удаагийн тэмцээн 2017 оны 10-р сарын 14-19-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Имерат улсын Абу Даби хотод зохион байгуулагдахаар болжээ.

Монгол улс энэхүү тэмцээнд 5 мэргэжлээр оролцох болсоны 2 мэргэжилийн оролцогч нь дахин Техник Технологийн Дээд сургуулиас шалгарчээ.

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотод 10 сард болох “Дэлхийн ур чадвар” /World skills/ олон улсын тэмцээний өмнөх сорилго – “Монгол ур чадвар” тэмцээн 2016, 2017 онуудад гурван үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө. Тус олон улсын тэмцээнд манай улс таван мэргэжлээр оролцохоор болсон бөгөөд Техник Технологийн дээд сургуулиас гагнуурт Ж.Жанлав-Ойдов, мужаанд Н.Эрдэнэмөнх нар шалгараад байна.

Эдгээр суралцагчдыг Монгол улсын шилдэг залуу гагнуурчин, мужаан хэмээн нэрлэж болно. Учир нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-ийн 43 мянган суралцагчаас шилдгээр шалгарсан. Ингээд тэдний төлөөлөл болгож, Монгол улсын шилдэг залуу гагнуурч Ж.Жанлав-Ойдовын ярилцлагыг та бүхэндээ хүргэе.

Өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Ж.Жанлав-Ойдов гэдэг. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул. Техник технологийн дээд сургуулийг 2016 онд төгссөн. Гагнуурын мэргэжлийг өөрийн сонирхлоор сонгож байсан. Гагнуурчин бол амьдралд маш их хэрэгтэй мэргэжил гэж боддог. Гагнуурын цагаан толгойг С.Баяраа багш маань анх зааж өгсөн. Одоо ч заасаар байна.

-Гагнуурын уралдаан тэмцээнд олон удаа оролцож байсан уу. Амжилтын нууц гэвэл?

-Сургуулийн аварга шалгаруулах гагнуурын тэмцээнд хоёр удаа оролцож, хоёуланд нь түрүүлж байсан. Орос-Монголын багуудын хоорондын тэмцээнд бас  түрүүлж байсан. Сая гурван шаттай явагдсан “Монгол ур чадвар” тэмцээнд түрүүлж, эх орноо төлөөлж олон улсын тэмцээнд орох эрхээ авлаа. Тэмцээнүүдэд оёоны залгаа, жигд, жигд бус, дотор талын нүхжилт зэргийг нь шүүгч нар хардаг. Багш нар маань онол болон практик тал дээр надад маш их зүйлийг хэлж өгдөг. Гагнуур хийхэд хувь хүний хичээл зүтгэл, хувь хүний гарын эв дүй шаарддаг. Сургууль, гэр бүлээс намайг сайн дэмждэг нь амжилтад хүргэдэг болов уу гэж боддог.

Шанхай руу тэмцээнд оролцохоор явах гэж байгаа гэж дуулсан?

-6 сарын 5-нд /өнөөдөр/ Шанхай руу тэмцээнд явна. Арабын тэмцээний өмнөх сорилго болж байгаагаараа онцлогтой. 2015 оны Бразилд болсон олон улсын тэмцээний гагнуурын төрөлд түрүүлсэн хүүхэд гэхэд дөрвөн жил бэлтгэл хийсэн гэсэн. Бид хэдийгээр ингэж олон жил бэлдэж чадахгүй ч боломжийн хэмжээнд бэлтгэл хийдэг гэж боддог.

-Ирээдүйгээ хэрхэн өөдрөгөөр харж байна?

-Мэргэжлээрээ ажиллана даа. Мэргэжлийн олон тэмцээн урд маань байна. Улсын аваргад түрүүлэх юм бол Олон улсын аварга шалгаруулах гэх мэт олон тэмцээн хүлээж байгаа.

-Үеийнхэндээ хандаж юу хэлмээр байна?

-Их, дээд сургуулийн дипломтой ч мэргэжлийн ажлаа хийж чадахгүй хүн олон байна. МСҮТ-д сурахад ямар ч байсан ажлын байртай, юм хийж бүтээж чаддаг болоод төгсөнө. Иймээс МСҮТ-д сурч ирээдүйгээ илүү утга учиртай болгоорой гэж хэлмээр байна.

-Тэмцээнүүдэд нь амжилт хүсье.

Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх