Их, дээд сургууль

Мэдээлэл Холбоо технологийн сургууль /ШУТИС/

ШУТИС-ИЙН МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

2014 онд дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд ШУТИС-ийн МХТС (Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль) болон КТМС (Компьютер Техник Менежментийн Сургуулийн компьютерийн ухааны салбар) нэгдэж 4 салбарт бакалаврын түвшинд 8 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэхээс гадна магистрын 13, докторын 9 хөтөлбөрөөр МХХТ (Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологи)-ийн мэргэжилтэн бэлтгэж, сургалт явуулж байна. Үндсэн сургалтаас гадна олон улсын сертификаттай (CISCO SYSTEM CCNA, Android & iOS Mobile ICT LAB ...) урт, богино хэмжээний сургалт болон МХХТ-ийн салбарын мэргэшсэн / зөвлөх инженерийн сургалтуудыг зохион байгуулдаг хоёр сургалтын төвтэй. Энэ хичээлийн жилд тус сургуульд 110 профессор багш нар ажиллаж байгаагаас 34 багш нь гадаад дотоодод эрдмийн зэрэг цол хамгаалсан.  

1991 оноос мэдээллийн технологич мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалтыг, 1998 оноос мэдээллийн систем мэргэжлээр бакалавр, магистрын сургалтыг явуулж мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.

2009 онд мэдээллийн технологийн хөтөлбөр, 2011 онд мэдээллийн системийн хөтөлбөр  БМИҮ /Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.

2014 онд боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд МХТС-ийн "Мэдээллийн технологи", КТМС-ийн "Мэдээллийн систем" профессорын багуудыг нэгтгэн Мэдээллийн технологийн салбарыг байгуулсан.

Салбар нь "Мэдээллийн технологи", "Мэдээллийн систем" хөтөлбөрүүдээр бакалавр, магистр, "Мэдээллийн технологи" хөтөлбөрөөр докторын түвшний сургалтыг хариуцан зохион байгуулдаг.

Мэдээллийн технологийн салбарт доктор (Ph.D)-ын зэрэгтэй 7, магистр зэрэгтэй 17, сургалтын мастер 3, Эрхлэгчийн туслах 1, нийт 24 профессор, багш, ажилтан ажиллаж байна. Нийт профессор багш нарын  34 хувь нь доктор, 43 хувь нь докторант, 23 хувь нь магистр багш нар байна.

Мэдээллийн технологийн салбар нь сургуулийн эрдэм шинжилгээний хуралд 2014 оны I байр, 2015 онд II байрыг тус тус эзэлсэн.