Цэцэрлэг

Баянгол дүүргийн 162-р цэцэрлэг

Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэг нь 1981 онд ОХУ/ хуучнаар ЗХУ-ын/ тусламжтайгаар баригдан ашиглалтанд орж, 1981-1991 он хүртэл орос "Мечта" сургууль, цэцэрлэг нэртэй орос багш ажиллагсадтай, орос хэл дээр сургалтын үйл ажиллагаа явуулж байжээ. Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа /хуучнаар/-ны 1991 оны 09 дүгээр сарын 12-ны 271 дүгээр тогтоолоор Монгол улсад цэцэрлэгийн барилгыг шилжүүлэх шийдвэр гарснаар тухайн үеийн "Октябрийн район"/хуучнаар/-ны "Сургууль, цэцэрлэгийн 162 дугаар цогцолбор" нэртэй байгуулагдсан байна.
Сургууль, цэцэрлэгийн 162 дугаар цогцолбор нь анх ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын тусгай хөтөлбөрөөр хичээллэх 1,24 цагийн ажиллагаатай 2, цэцэрлэгийн 7, нийт 9 бүлэг, 280 хүүхдийн орны хүчин чадалтай, бага ангийн сургалт, хүмүүжил, сургуулийн өмнөх боловсрол олгох цогц үйл ажиллагаа эрхлэх зорилготой байгуулагдсан байна. Тус цогцолбор цэцэрлэг тухайн үед боловсролын салбарын өмнө тавигдсан зорилтыг хэрэгжүүлж, бага ангийн тусгай хөтөлбөрт хамрагдсан анхны төгсөлтийн 23 хүүхдийг 1995 оны 05 дугаар сард төгсгөн, өөрийн түшиц 96 дугаар сургуульд хүлээлгэн өгч байсан нь улс орны хэмжээнд шинэлэг хэлбэр байв.
Сургууль, цэцэрлэгийн 162 дугаар цогцолбор нь 1992-1993 оны хичээлийн жилээс эхлэн сургуулийн бага ангиас гадна хараа хяналтгүй, амьдралын гачигдалтай хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох болж, "Халамжийн анги" шинээр нээн ажиллуулсан байна. Сургууль, цэцэрлэгийн 162 дугаар цогцолборын 1991-1999 оны үйл ажиллагаа нь хүүхдийг сургуульд бэлтгэх сургалт, хүмүүжлийн ажилд голчлон чиглэж байсан.
2000 оноос "Баянгол дүүргийн 162-р дугаар цэцэрлэг" нэртэй болж, бага насны хүүхэд асрах, цэцэрлэгийн ахлах ангийн хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус цэцэрлэгт эрхлэгч буюу ерөнхий менежер , заан аргазүйч, багш, туслах багш, эмч , гал тогооны болон аж ахуйн хэсэг гэсэн бүтэц зохион байгуулалттай ажиллаж байна. 1996-2006 онд Х.Эрдэнэтуяа, 2006-2014 онд Б.Энхтуяа, 2014 оноос  Ц.Болормаа  ажиллаж байна. Тус цэцэрлэг хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол, хүмүүжил олгох ажилд арвин туршлага хуримтлуулан, амжилт бүтээлээр дүүрэн хамт олон болсон.