Их, дээд сургууль

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

Түүхэн замнал

Монгол Улсын дээд боловсролын анхны байгууллага болсон Монгол улсын их сургууль нь Хүн эмнэлэг, Зоо мал эмнэлэг, Багш нарын гэсэн 3 факультеттайгаар 1942 онд байгуулагджээ. МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн суурин дээр үндэслэн 20 гаруй тэнхэм, 65 багш, 800 гаруй оюутантайгаар Улсын их сургуулиас туурга тусгаарлан, 1961 онд бие даасан Анагаах ухааны дээд сургууль болсон.
Эрхэм зорилго

Олон улсын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, боловсрол,  эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг, үндэсний тэргүүлэх, Номхон Далайн  Баруун Эргийн Бүсийн анагаах ухааны шилдэг 100 их сургуулийн нэг байхад оршино.

ЭМШУИС нь жилдээ Анагаах ухааны сургуульд 366, Уламжлалт анагаахын сургуульд 128, зүү төөнө 30, Нийгмийн эрүүл мэндийн сургуульд 127, Нүүр ам судлалын сургуульд 126, Био анагаахын сургуульд 150, Эм зүйн сургуульд 91,  Сувилахуйн сургуульд 760, Дархан 427, Говь-Алтай , Дорноговь   хөдөө орон нутаг дахь бусад салбар сургуулиудад, нийт 2173 оюутан элсүүлэн суралцуулдаг.

Сургалтын хөтөлбөрийн чиглэл

Анагаах болон Уламжлалт анагаахын сургууль 6 жил, Био-анагаах, Нүүр ам судлал, Нийгмийн эрүүл мэнд, Эм зүйн сургууль 5 жил, бусад салбар сургуулиуд 4-5 жилийн сургалтын хөтөлбөртэй.

ЭМШУИС -ийн тулгын чулуу тавигдсанаас хойш 70 жилийн хугацаанд хүний их эмч 11188, хүүхдийн эмч 1953, уламжлалт анагаахын эмч 628, эрүүл ахуйч 1107, шүдний эмч 1738, эм зүйч 1110, био анагаах судлаач 149, эрүүл мэндийн эдийн засагч 167, эрүүл мэндийн нийгмийн ажилтан 152, эрүүл мэндийн мэдээлэл зүйч 107, спортын анагаахын эмч 46, бүгд 18345 эрүүл мэндийн мэргэжилтнийг бэлтгэн гаргаж өөрийн орны эрүүл мэндийн салбарыг дээд боловсролтой боловсон хүчнээр хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна.