Их, дээд сургууль

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль

ХИС-­ИЙН ТУХАЙ

Монгол орны хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсаар ирсэн, мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэгч 35 жилийн түүхтэй Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь сургалтын өндөр чанарыг эрхэмлэдэг, дэлхий дахины боловсролын чиг хандлагад нийцсэн нэр хүндтэй их сургууль билээ.

Бид Азийн тэргүүлэгч их, дээд сургуулиудын боловсролын жишиг, шаардлагад нийцсэн сургалт явуулах зорилгоор Ази, Номхон далайн Дээд боловсролын Чанарын сүлжээний зөвлөлд гишүүнээр элсээд 15 жил болж байна.

Түүнчлэн сургалтын үйл ажиллагааг байнга боловсронгуй болгох, олон улсын төвшинд дээд боловсролын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, эрдэмтэн судлаач, багш нараа энэхүү байгууллагын сургалт, судалгааны ажилд хамруулах нөхцөл бүрдүүлэхийн тулд Олон улсын их сургуулиудын Холбооны гишүүн байгууллага болсон.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь Монгол Улсад дээд боловсролын байгууллагыг хувийн хэвшилд амжилттай шилжүүлсэн шилдэг жишээний нэг болсон тул сургалтын чанар, байгууллагын зохион байгуулалтад гаргасан ахицыг бусад сургуульд түгээх үүднээс Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас 2010 онд Дархан хотын Хүмүүнлэгийн ухааны сургуулийг салбар сургууль, 2010 онд Билиг дээд сургууль, 2014 онд Далай ван дээд сургуулийг ХИС-ийн харьяа сургуулиар ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль байгуулагдсан цагаасаа хойш 2014 оны байдлаар 14411 бакалавр, 4849 магистр, 98 докторын зэрэгтэй дээд мэргэжилтэн төгсгөж гаргаад байна.

2014-2015 оны хичээлийн жилд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн 184 багш, ажилтан эрдмийн 60 гаруй хөтөлбөрийг бакалаврын 3054 оюутан, 439 магистрант, 150 докторантыг танхимаар суралцуулснаас гадна, судалгааны ажилд хамтран ажиллаж байна. ХИС-ийн бүрэлдэхүүний орон нутгийн 3 сургуульд 128 багш, ажилтан бакалаврын 976 оюутан, 271 магистрантын сургалт, судалгааны ажлыг удирдан явуулж байна.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь 2006 оны 4-р сарын 11-нд Ази, Номхон далайн орнуудын “Дээд боловсролын Чанарын сүлжээ”-ний гишүүн болсноор сургалт, судалгааныхаа ажлыг улам чанаржуулж, дэлхийн төвшинд хүргэхийг эрмэлзэж  байна.

1979. 36 жилийн тэртээ МУИС-ийн Орос хэлний салбар, Улсын багшийн дээд сургуулийн Орос хэлний факультетэд түшиглүүлэн МУИС-ийн бүрэлдэхүүнд Орос хэлний институт (ОХИ) байгуулсан нь одоогийн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн үндэс суурь болсон юм. ОХИ-ийн 2 факультетийн 39 багш, 20 ажилтан орчин цагийн орос хэлний авиа зүй, яриа, бичгийн дадлага, орчуулгын онол, сурган заах аргазүй, утга зохиолын хичээлийг 498 оюутанд зааж эхэлжээ.
1982. МУИС-ийн бүрэлдэхүүнээс ОХИ-ийг салгаж, бие даасан Орос хэлний багшийн дээд сургууль байгуулжээ.
1990. Гадаад хэлний дээд сургууль болгон байгуулж, орос хэлээс гадна англи, герман, франц, хятад, япон, солонгос хэлний багш, орчуулагчийн хөтөлбөрөөр сургалт явуулж эхэлсэн.
1994. Хөрвөх чадвартай мэргэжилтний эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор гадаад хэлийг бусад мэргэжлийн хөтөлбөртэй хослуулан, Аялал жуулчлал-Япон хэлний орчуулагч, 1997 оноос Эдийн засаг-Герман хэлний орчуулагч, 2004 оноос Аялал жуулчлалын менежмент-Франц хэлний орчуулагч, Олон улсын бизнесийн удирдлага- Англи хэлний орчуулагчийн бакалаврын хөтөлбөрөөр сургалт явуулах болсон. Манай сургуулийг давхар мэргэжлээр суралцан төгсөгчдөд ажлын байр олдоц сайтай байдаг.
1996. Гадаад хэл шинжлэл, боловсрол судлалын магистрын, 1999 оноос гадаад хэл шинжлэл, боловсрол судлалын докторын сургалтын хөтөлбөр эхлүүлсэн нь манай сургуулийн эрдмийн чадавхийг тасралтгүй нэмэгдүүлж байна.
1999. Монгол улсад хүмүүнлэгийн салбарыг хөгжүүлэх зорилгын хүрээнд Гэгээрлийн яамны шийдвэрээр тус сургуулийн хөтөлбөрийг өргөжүүлэн Хүмүүнлэгийн Уааны Их Сургууль байгуулав.
1999. 2007. Боловсролын Магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөс 1999 онд анх удаа, 2007 онд хоёр дахь удаагаа дээд боловсролын магадлан итгэмжилснээр ХИС-ийн сургалт, судалгааны чанарт баталгаа өгч, их сургуулийн статусаар үйл ажиллагаа явуулах эрх олгосон юм.